ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ!

Нутгийн шийдэл ТББ-ын хөрөнгө босгох кампанит ажил

МАНАЙ УЛСАД АШИГЛАЖ БУЙ ИХЭНХ ЖОРЛОН ХАМГИЙН ХОЦРОГДМОЛ ТЕХНОЛОГИОР ХИЙГДСЭН БАЙГАА НЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ТӨДИЙГҮЙ ТА БИДНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ОНЦГОЙ ИХЭЭР ДОРОЙТУУЛЖ БАЙНА.

Нутгийн Шийдэл-ийн хамт олон “Жорлонгоо Өөрчилье” сургалтад Дундговь аймгаас оролцогчдын хамт, 2018 он (Гэрэл зургийг Сэрээтэрийн Батсүх)

ТА БИД МОНГОЛ ОРОНД ӨРНӨЖ БУЙ ЖОРЛОНГОО ӨӨРЧЛӨХ ҮЙЛСЭД ХАНДИВ ӨРГӨСНӨӨР АЙЛ ӨРХӨД АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХҮН БҮР ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛЖ ЧАДНА.

Эрхэм хүндэт хандивлагч Танаа,

Нийтийн эрүүл мэнд, ус, ариун цэвэр, байгаль орчны асуудал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө санаа зовниж яваа Эрхэм танд “Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагаа танилцуулахад таатай байна.

Нутгийн Шийдэл нь нийгэмд үйлчилдэг ТББ бөгөөд дэлхийн өмнө тулгамдаж буй асуудлаас Монгол Улсад тохиолдож байгаа тусгалыг арилгах, багасгах, даван туулахад чухал хэрэгцээтэй, орон нутагт таарч тохирох аливаа мэдлэг, шийдлийг таньж нээх, дэмжих, нийтэд түгээх зорилгоор 2007 онд анх байгуулагдсан билээ.

Манай байгууллага өнгөрсөн 10 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, бичиг үсэггүйдэлттэй тэмцэж буй иргэдэд туслах, орчны эрүүл ахуйн тухай нийтийн боловсрол олгох, залууст ажил мэргэжлийн тухай мэдээлэл өгөх, оюутнуудыг оролцуулсан орон нутгийн асуудал шийдэх төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр ажилласан юм.

Манай байгууллагын санаачилсан төслүүдийг дэмжиж ирсэн Амистад Интернэшнл, Хеспериан сан, Недерландын Вант Улсын Бээжин дэх ЭСЯ, Мизериор сан, Дэлхийн Өсөлт Монгол, Дэлхийн банк, Шинэ Венчер Сан, Капитрон Банк, Энэргүн Констракшн компани, Хатагтай Хелэн Бинг, ноён Петер Бинг, Доктор Жонатан Воетцэл, Доктор Анн Алтман нар болон бусад олон хандивлагч нартаа бид үргэлж талархаж явдаг билээ.

Харин өдгөө манай байгууллага нь орон даяар зохион байгуулсан “Жорлонгоо Өөрчилье” сургалтаараа Монголын олон нийтэд илүү их танигдаад байна. 2017 онд Нутгийн Шийдэл ТББ-аас “Жорлонгоо Өөрчилье” ном хэвлэн гаргаж, ийм нэртэй сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Нэг сургалтад 60-160 хүн оролцож бохир нүхэн жорлонгоос үүсдэг эрүүл мэндийн асуудал, жорлонг өөрчлөх олон янзын технологийн шийдэл, септик танк, цэвэрлэх байгууламжийн тухай болон жорлонгоо өөрчлөх зохион байгуулалт, санхүүгийн шийдлүүд, ариун цэврийн бизнесийг орон нутагт  тогтвортой, амжилттай ажиллуулах талаар сэдвүүдийг сонсож дасгал ажилладаг юм.

Одоогоор бид 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт долоон сарын турш үнэ төлбөргүй сургалт явуулж 3000-аар тогтохгүй идэвхтэй иргэдийг сургаад байна. Бид 2018 оны зургадугаар сараас эхлэн захиалагч байгууллагын хүсэлтээр харьцангуй бага төлбөртэйгээр сургалтаа зохион байгуулж байна. Манай байгууллагад хандаж жорлонгоо өөрчлөхөд ганцаарчилсан зөвлөгөө авахыг хүсэх иргэд, айл өрхийн тоо нэмэгдэж байгаа ч бид одоогоор айл өрх бүрт хүрч зөвлөгөө өгөх санхүүгийн боломжгүй байна.

Гэхдээ манай цуврал сургалтын үр дүнд идэвх нь сэргэж жорлонгоо өөрчлөхийг хүссэн олон айл өрхөд туслах асар их хүсэл эрмэлзлэл бидэнд байна. Энэ үйлсэд маань туслая гэсэн сайхан санаачилга Монголд аялсан жуулчдын дундаас, гадаадад болон эх орондоо амьдарч буй манлайлагч иргэдийн зүгээс гарч бидэнд хандсан юм.

2018 оны 6-р сард Капитрон банк, Нутгийн Шийдэл ТББ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу бид энэхүү хөрөнгө босгох кампанит ажлыг эхлүүллээ. Бидний зорилт бол Монгол Улсын хэмжээнд өөрчлөх шаардлагатай байгаа 600.000 гаруй муу жорлонгийн 1 хувь буюу 6000 жорлонг 2020 он гэхэд өөрчлөх явдал юм.

Бидний хамтын ажиллагааны хүрээнд бага хүүтэй Эко жорлонгийн зээлийг иргэдэд олгож, жорлонгоо эко, хүнд ээлтэй болгоход нь туслана. Энэхүү зээлийн буцаан төлөлтийн мөнгөөр дараа дараагийн жорлонгоо өөрчлөх иргэдэд Эко жорлонгийн зээл олгох замаар бусад жорлонг өөрчлөхөд хувь нэмэр оруулна.

Эрхэм хандивлагч таныг Монгол орон даяар жорлонгоо өөрчлөх урам зориг өндөр байгаа энэ үед нь иргэддээ туслалцаа дэмжлэг үзүүлнэ үү хэмээн уриалж байна.

Таны хандив Капитрон банк дахь Жорлонгоо өөрчлөх зориулалт бүхий Нутгийн Шийдэл ТББ-ын дансанд байрших болно. Хандивын 70 хувь нь Капитрон банкны Эко жорлонгийн зээлийн эх үүсвэр болж ашиглагдах юм. Харин үлдсэн 30 хувь нь “Жорлонгоо өөрчилье” сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ, жорлонгийн технологи, менежмент, олон нийтийн боловсролын бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх “Нутгийн Шийдэл”-ийн төсөл хөтөлбөрт зарцуулагдах болно. Нутгийн Шийдэл ТББ-ын Жорлонгоо өөрчилье чиглэлээр үйл ажиллагаа явуулах зургаагаас илүүгүй орон тоог тус зардлаас мөн санхүүжүүлэх бөгөөд нэг хүний сарын цалин 600 доллараас илүүгүй байхаар зохион байгуулах болно.

Эрхэм хандивлагч Та,

Монгол орон даяар ариун цэврийн өөрчлөлт хийхэд өөрийн хувь нэмрийг оруулъя гэвэл, Эко жорлонг санхүүжүүлэхэд зориулж тусгайлан нээсэн доорх дансанд хандив тусламжаа илгээнэ үү:

Дансны мэдээлэл:

 

Данс эзэмшигчийн нэр: Local Solutions

Дансны дугаар (Төгрөгийн): 3055 020999

Банкны нэр: Капитрон банк

Гүйлгээний утга: Эко жорлонд хандив

Нутгийн Шийдэл ТББ-ын зүгээс танд электрон шуудангаар (та сонговол), эсхүл Facebook дэх ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ нээлттэй бүлгэмээр дамжуулан тайлан мэдээллийг хүргэх болно.​

Эрхэм Танд баярлалаа!

Цэдэвдамбын Оюунгэрэл

Нутгийн шийдэл ТББ-ын Уз-ийн Дарга
www.oyungerel.org/myprofile.html
 

Бидний хаяг:

Холбоо барих хүн: Цэдэвдамбын Оюунгэрэл, УЗ-ийн Дарга

И-мэйл: nutgiinshiidel@gmail.com, oyunlt@gmail.com

Утас: 99115109, 70070071

Твиттер хаяг: @nutgiinshiidel, @oyunlt

Facebook дэх нээлттэй бүлгэм: ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ

  • Twitter - Grey Circle
  • Facebook - Grey Circle

©2018 Local Solutions