top of page

ЖОРЛОН 2.0 ҮЕ ШАТ ЭХЭЛЛЭЭ.

ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ!

2019 он.

Jorlon 2.0.jpg

БИОЛАН СИМПЛЕТТ ЖОРЛОН

 

Ялгадсыг хуурайшуулан хадгалдаг, дотор гадна, хөдөө орон нутаг, гэр байшинд хаана ч хэрэглэж болох хуурай жорлон. Тог, ус ашиглахгүй мөн угсарч суурилуулахад хялбар, хэрэглэхэд тухтай энэхүү жорлон нь өтгөн, шингэн ялгадсыг салгаж хадгална.

Шээсийг тусгай сав руу юүлж оруулах бол өтгөнийг био ууттай саванд цуглуулна.

 

Монголтой төстэй хүйтэн уур амьсгалтай Финлянд улсад зохион бүтээсэн тул манайд хамгийн тохиромжтой хуурай жорлон юм. Суултуур нь стандарт хэмжээтэй, өвөл хайрахгүй хөлдөхгүй полестерол материалаар хийгдсэн, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд гэрийн бүлийн бүх гишүүн хэрэглэх боломжтой жорлон юм.

 

Агааржуулалтын хоолойгоор ялгадасны таагүй үнэрийг зайлуулах учир та гэр дотроо ч хэрэглэж болно. Өтгөнөөр бие зассаны дараа дээрээс нь био масс буюу урьдчилан бэлтгэсэн үртэс, хатсан өвс шарилж сүрэл зэрэг тухайн газар орондоо хамгийн олдоцтой байгальд задардаг мод ургамлын гаралтай хаягдлыг асгаж хучаад үлдээнэ.

 

БИО ГЯЛГАР УУТ

 

Энэхүү уутыг БИОЛАН СИМПЛЕТТ жорлонгийн өтгөн ялгадас цуглуулах саванд хийж хэрэглэнэ. Уут нь ургамлын хальсаар хийгдсэн тул ялгадастай хамт задарч, байгальд шингэж бордоо болно. Султгаж авсан савандаа шинэ уут углаад үлдээнэ.

Нэг боодолдоо 20 ширхэг ирэх бөгөөд энэ нь дунджаар нэг өрхийн бүтэн жилийн хэрэгцээ юм.

 

Био уутыг хүнсний үлдэгдэл цуглуулж бордоошуулахад мөн ашиглаж болох давуу талтай.

 

БИО ЖОРЛОНД ЕРДИЙН ПЛАСТИК УУТ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО!

 

ТАМИР БИО АРИУТГАГЧ

 

Энэхүү Тамир био ариутгагч бактерын бэлдмэл нь жорлонгийн ариутгал, үнэр дарахаас гадна өтгөнийг бордоошуулж, шингэний шивтэрийг задлах үүрэгтэй. Хэрэглэхдээ саван дээрх зааврын дагуу усаар шингэлж БИОЛАН СИМПЛЕТТ хуурай жорлонгийн өтгөн ялгадас цуглуулах саванд орсон био масс бас өтгөний холимог мөн шээсний сав руугаа зааврын дагуу хэмжээгээр дусааж хэрэглэнэ. Бэлдмэл нь өтгөнтэй биомассыг түргэн ялзмагжуулж өгнө.

 

МАЙХАН

 

Майхантай жорлон нь аялал жуулчлал, хээрийн түр кэмп, зуслан зэрэгт хэрэглэхэд тохиромжтой, босгох суурилуулах, буулгаж хураахад хэн бүхэнд маш хялбар, хурдан байхаар зохион бүтээгдсэн. Майханг босгоход тусгай төхөөрөмж шаардлагагүй.

 

Хаалгыг дотор, гаднаас нь товчин түгжээгээр түгждэг, дээрээ нарны гэрэл оруулах гэгээвчтэй тул өдөр хэрэглэхэд нэмэлт гэрэл суурилуулах шаардлагагүй, жорлонг хэрэглэх заавар болон 00 цаас тогтоох халаастай.

 

МАЙХНЫ ТӨМӨР РАМ

 

Угсрах, буулгахад хэн бүхэнд хялбар бөгөөд хурдан байхаар тусгайлан боловсруулж зохион бүтээгдсэн. Уг рамыг хийхдээ хөдөө орон нутаг, хот суурин газарт хаана ч олдоцтой, удаан эдэлгээтэй материалыг сонгож ашигласан болно. Иймд ямар нэг эд анги нь эвдрэх, алга болсон тохиолдолд та өөрөө хялбараар орлуулан ашиглах боломжтой юм.

 

МАЙХНЫ ШАЛ

 

Газрын чийг, тоос шороо, тухайн орчны нөхцөл зэргээс шалтгаалан жорлонгийн майханд шал дэвсэх шаардлагатай бол уг шалыг санал болгож байна. Шал нь хатуу резинэн бүрхэвчтэй, угааж цэвэрлэхэд хялбар, хальтрахаас сэргийлсэн товгор хээтэй.

Уг шалыг хийхдээ хөдөө орон нутаг, хот суурин газарт хаана нь ч олдоцтой, удаан эдэлгээтэй материалыг сонгож ашигласан болно. Иймд ямар нэг эд анги нь эвдрэх, алга болсон тохиолдолд та өөрөө хялбараар орлуулан ашиглах боломжтой юм.

 

МАЙХНЫ ЛЕД ГЭРЭЛ

 

Харанхуйд жорлонгийн майхан доторхыг гэрэлтүүлэх LED гэрэл. Нарны гэрлээр цэнэглэгддэг тул өдөр майхны гэгээвчээр тусах гэрэлд өөрийгөө цэнэглэнэ. Хөдөлгөөн мэдэрч асдаг тул хэрэглэхэд нэн хялбар, шөнө орой жорлонг хэрэглэхэд аюулгүй, илүү тухтай болгоно.

Бүрэн цэнэглээд 15 цаг хүртэл асаах боломжтой, 3 горимоор ажилладаг.

 

БИОЛАН БОРДООШУУЛАГЧ САВ

 

Түргэн бордоошуулагч энэхүү сав нь хоол хүнсний үлдэгдэл, БИОЛАН СИМПЛЕТТ хуурай жорлонгийн хаягдлыг боловсруулахад нэн тохиромжтой. Бордоошуулагч сав СӨХ, томоохон ресторан, хоолны газар, зочид буудал зэрэг байгууллагууд, түүнчлэн өрхийн хэмжээнд органик хаягдлаа бордоошуулан, буцаан ашиглахад хамгийн сайн шийдэл болно.

Зориулалт: Био уутанд цуглуулсан хоолны үлдэгдэл, хуурай жорлонгийн хаягдлыг хийж бордоошуулна.

 

Түгээмэл асуултууд:

Жорлонг яаж суурилуулах вэ? Нүх ухах уу?

- БИОЛАН жорлон нь ялгадсыг саванд цуглуулж хатаан, бордоошуулдаг тул ямар нэг нүх ухах, шугам хоолойнд залгах шаардлагагүй, гэртээ угсраад шууд хэрэглэх боломжтой юм. Агааржуулалтын хоолойг гадагш гаргана. Хэрэглэхгүй үедээ буцааж хураагаад зөөж болдог, хэрэглэх үедээ угсраад дариуд нь хэрэглэж болох давуу талтай.

Өтгөн, шингэн ялгадас хаашаа ордог вэ?

- Жорлонг хэрэглэгч хэн бүхэн сууж бие засна. Энэ үед урд хэсэгт байрлах нүхтэй аяганцар руу шээс орж  шланкаар дамжин шээс цуглуулах сав руу юүлэгдэнэ. Өтгөн ялгадас нь ард хэсэгт байрлах био ууттай саванд унаж үлдэх ба дээрээс нь үртэс зэрэг био массаар хучин үлдээнэ.

Жорлонг ямар хугацаанд султгах вэ?

- Хэрэв та шээсний шланкийг угаадасны нүх, шүүлтүүртэй газар, шугам сүлжээ рүү холбосон бол шээсийг султгахгүй. Харин та шээсний шланкийг 20 литрийн сав руу холбосон бол хэрэглээнээс хамаарч дундаж өрх айл 7-14 хоногт цугларсан шээсийг султгана. Нэг литр шээсийг таваас долоон литр усаар шингэлэн хашааныхаа мод, зүлгийг услахад маш сайн азотын бордоо болдог. Өтгөнийг тосч авч буй сав нь 25 кг багтаамжтай сав бий. Түүнийг хэрэглээнээс хамаарч 4 ам бүлтэй өрхөд 14-30 хоногт дүүргэнэ гэсэн тооцоо байдаг. Та цугларсан ууттай ялгадсыг био уутных нь  амыг боож аваад цуглуулах үйлчилгээнд өгөх эсвэл тусгай бордоошуулах хашаанд бордоошуулж цэвэрлэнэ. . (Ууттай ялгадсыг гэр хороолол, зуслангийн хашаанд шууд булах эсвэл ил задгай орхиж болохгүйг анхаарна уу! Мөн шээсийг усаар шингэлж хорыг саармагжуулахаа мартаж болохгүй)

Аялал жуулчлалын кэмп, үйлчилгээний газарт жорлонг олон хүн хэрэглэх тул арай богино хугацаанд жорлонг султгана. Шээсийг дээрх аргаар хорыг саармагжуулаад тухайн газартаа цацаж болно. Хөдөө хээр газар ууттай ялгадсыг тусгай аргаар бордоошуулна (Таныг жорлон худалдан авахад дэлгэрэнгүй тайлбарлаж зааварчилгаа өгөх болно)

Дотор тавихад үнэр гарахгүй юу?

- Жорлонгийн үнэр нь агааржуулагч буруу шийдсэнээс болж үүсдэг. Биолан жорлонгийн агааржуулагч нь үнэрийг хамгийн сайн татан авч гадагшлуулах байрлалд хийгдсэн байгаа. Үнэргүй байлгахын тулд хэрэглэснийхээ дараа жорлонг байнга таглах ёстой. Бас агааржуулагч хоолойг бүрэн бүтэн байлгахыг анхаараарай. Агааржуулагч хоолойг байшингаасаа 30см-ээс өндөрт үзүүр нь байхаар суурилуулж өгөх хэрэгтэй. Тэгвэл салхи хангалттай хүчтэй байх тул үнэрийн асуудал үүсгэхгүй байх юм. Өтгөн ялгадсыг дариуд нь үртэс (болон бусад био масс)-ээр хучих нь баасыг хурдан задалж үнэрийг дарж байгаа, мөн нэмэлтээр ТАМИР зэрэг био бэлдмэл хийж өгснөөр задрах процесс хурдан явагдана. Гэхдээ хамгийн гол нь агааржуулалтын хоолойгоор таагүй үнэр зайлуулагдана. Түүнчлэн шээснээс эхүүн үнэр буцаж цохих магадлалтай тул аммиак задлах бактерыг шээсний саванд хийнэ. Хэрэв саванд хуримтлуулахгүйгээр хөрсрүү хийж байгаа бол шүүлтүүрийг хийхээс гадна дээд талд байх үртсэн шүүлтүүр дээр бактерийн бэлдмэлээ хийж өгөөрэй  

Тамир бэлдмэлийг ямар хэмжээтэй, хэр олон удаа хэрэглэх вэ?

Тамир бэлдмэлийн хэрэглэх хэмжээ нь хир их зүйл ариутгах шаардлагатай вэ гэдгээс хамаарна. Жишээ нь модон жорлонгийн том нүхэд 100 литр усанд 1 литрийг хийж ашиглах бол Биолан жорлонд 2 стакан усанд ТАМИР БЭЛДМЭЛ-ийн савлагааных нь тагний хэмжээгээр 2-ыг хийж ашиглана. Энэ нь хэдхэн халбага гэсэн үг юм. Гэхдээ уг бодис нь амьд бактерийн бэлдмэл тул хүчинтэй хугацааг нь заавал хараарай. Мөн зориулалтын бус зүйл огт ашиглаж болохгүй.

Био уутны багтаамж нь хэд вэ? Био масстай холилдсон өтгөнийг даах уу?

Био уутны багтаамж 50 литр ба 20 кг ийг даана. Өөрөөр хэлбэл саванд хураагдсан өтгөн болон модны үртэс нь харьцангуй хөнгөн жинтэй байдаг учир даахгүй байх асуудал үүсэхгүй. Харин био уут нь байгальд хялбархан задардаг байхаар бүтээгдсэн тул хурц ирмэгтэй эсвэл хатуу зүйлд амархан урагдана. Иймээс уутыг углах, авах, хадгалах, ачуулах үедээ болгоомжтой ажиллах хэрэгтэй.

 

Биолан жорлон ямар материалаар хийгдсэн бэ?Харахад энгийн хуванцар, бас хөнгөн юм. Даацтай юу?

- Биолан жорлонгийн эх бие HDPE /High-density polyethylene/ буюу өндөр нягтшил бүхий полиэтилен материал, суултуур нь полиестер буюу сайжруулсан шахмал хөөсөнцөрөөр хийгдсэн. Даац нь ~120кг. Баргийн том биетэй хүнийг асуудалгүй даана

Манайх шиг хүйтэн өвөл болдог газар хөлдөх, хагарах асуудал гарах уу?

- Дээр дурьдсан материалууд нь -50C-иас +70C-т тэсвэртэй. Өвөл хөлдөхгүй, хайрахгүй. Уг жорлонг манайхтай төстэй хүйтэн уур амьсгалтай Финляндад зохион бүтээсэн бөгөөд тэндээ ч айл өрхүүд хэрэглэдэг, хүйтэнд туршигдаж батлагдсан жорлон юм.

 

2018 он.

ЭКО ЖОРЛОНГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

ЖОРЛОНГОО ЭКО БОЛГОЁ ГЭВЭЛ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ХИЙХ ВЭ?

Капитрон банкнаас олгох Эко жорлонгийн зээл авахыг хүсэгчдэд зориулан энэхүү зөвлөмж тайлбарыг Нутгийн Шийдэл ТББ-аас гаргаж байна. Зээлийг өрхийн амьжиргааг хүндрүүлэхгүй бага хэмжээгээр, бага хүүтэй олгох бөгөөд таны байгуулах эко жорлон ч мөн харьцангүй хямд өртгөөр бүтээгдсэн байхаар бид тооцлоо. Хэдийгээр хямд өртгөөр бүтээх байлаа ч, жорлонгийн чухал эко шинж тэмдгүүд нь заавал бүрдсэн байх учиртай. Өнөөдрийн хэрэглэж буй байгальд ээлгүй, бохир, хүнд ээлгүй жорлонд дараах өөрчлөлтийг бүрэн хийснээр жорлон эко ангилалд хамрагдаж болох боломжтой юм. Үүнд:

Нэг. Нүх нь цэвэрлэгддэг байх ёстой

Эко жорлонг байгаль бохирдуулагч эко бус жорлонгоос ялгаж таних хамгийн гол шинж тэмдэг бол нүх нь цэвэрлэгдэх боломжтой байх. Нүхийг хэзээ, яаж цэвэрлэх аргаа мэдэхгүй бол уг нүх хэзээ ч цэвэрлэгдэхгүй гэсэн үг. Жорлонгоо барихаас өмнө түүнийг яаж цэвэрлэхээ бодож тооцоолж, шийдсэн байх ёстой. Жорлонгийн нүхийг Монголын хүйтэн, хуурай, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ашиглахад эвтэйхэн хэрнээ цэвэрлэгддэг байхаар хийе гэвэл дараах сонголтуудаас авч хэрэгжүүлж болно.

 

         1.1. Соруулдаг

         1.2. Газарт хуурайшуулж хатаагч

         1.3. Саванд хуурайшуулж хатаагч

         1.4. Газарт бордоошуулагч

         1.5. Саванд цуглуулж бордоошуулагч

 

Соруулдаг жорлон (1.1.)

Жорлонгийн нүхийг бэлтгэхдээ хөрс рүү ялгадас, лаг нэвчихгүйгээр бетондож битүүлсэн байх хэрэгтэй. Уг нүх нь тухайн орон нутагт ажилладаг соруулах машины шланкны уртаас гүнзгий байж болохгүй. Хэт урт шланк хийж соруулна гэж тооцоолж бас болохгүй. Учир нь шланкыг уртасгаж соруулах үед насосын хүчийг нэмэгдүүлэх, илүү их шатахуун, илүү их ажиллагаа орох, нэг удаагийн соруулалтаар сулрахгүй олон удаагийн рейс шаардагддаг зэргээс болж соруулах үйлчилгээ өндөр үнэтэй болдог. Соруулах үйлчилгээ хэт өндөр үнэтэй болох юм бол өрх айлуудын төлбөрийн чадвараас хэтэрч, соруулдаг жорлонг ашиглахгүй болох, буцаад буруу жорлонг хэрэглэх эрсдэл бий болгоно. Иймээс харьцангуй хямд өртгөөр жорлонг бүрэн соруулж цэвэрлэх бүх боломж хангагдсан байхаар бодож жорлонгийн нүхний хэмжээг сонгоно.

“Жорлонгоо өөрчилье” аяны хүрээнд бид дундаж айл өрхөд 170 см гүнтэй, 150 см диаметртэй тойрог бүхий цилиндр хэлбэрийн нүхийг санал болгож байна. Учир нь бөөрөнхий амсартай нүхийг тойруулан тоосго, беттонон суурь бэлтгэхэд хялбар бөгөөд бат бөх суурин дээр жорлонгийн бүхээг аюулгүй тогтож, хөрсний нуралтад өртөх эрсдэл эрс багасахаас гадна, зах зээл дээр бэлэн байдаг бетон хоолой /кольцо/ ашиглан нүхний дотор талыг битүүмжилэхэд илүү хялбар болох юм.

90 см өндөртэй 150 см диаметртэй 2 ширхэг бетон хоолой /кольцо/-г давхарлан угсарч тавихад 180 см өндөртэй болох бөгөөд залгагдах хэсгийг гар аргаар шавж чигжин битүүмжилж, ёроолыг нь бетондон, цилиндр хоолойг газрын түвшнээс дээш 10-20см илүү гаргаж өгнө. Үер оромтгой газарт үүнээс ч өндөр илүү гаргах шаардлагатай. Нүхэнд суулгасан бетон хоолойг огт хөдөлгөөнгүй байлгахын тулд гадна талаар шороогоор маш сайн чигжинэ. Бетонон хоолойн амсар газраас дээш өргөгдсөн хэсгийг тойруулан тоосгоор өндөрлөг хийж жорлонгийн шал, бүхээгийг байрлуулах суурийг бэлтгэж өгнө.

Бетон хоолой /кольцо/ бэлдэц байхгүй, түүнийг кранаар зөөж авчрах үйлчилгээ авах боломжгүй газарт байгуулж буй жорлонгийн доторлогоог газар дээр нь бетон цутгах аргаар хийнэ. Хэрэв цилиндр хэлбэрийн доторлогоог хийхэд бэрхшээлтэй бол 120x140 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийг санал болгож байна. Үүнээс илүү өргөн, урт хэмжээг сонгох юм бол жорлонгийн нүх болон бүхээг нь хэт өндөр өртөгтэй, цэвэрлэхэд хэцүү болох юм. Соруулдаг жорлон руу угаадас асгаж болно.

Зураг дээр: Цилиндр нүхтэй соруулдаг жорлон. Жорлонгийн тавцан тавихын өмнө суурийг газрын түвшнээс дээш 20 см өндөрлөн бетондож бэлтгэсэн байдал.

Газарт хуурайшуулж хатаагч жорлон (1.2.)

Манай сурталчилгааны мэдээлэлд “Өмнөговийн Түмэндэлгэрийн жорлон” хэмээн нэрлэгддэг говийн жорлон нь газарт хуурайшуулж хатаагч хэлбэрийн нүхтэй юм. Юуны өмнө сануулж хэлэхэд, энэхүү жорлон нь зөвхөн говь, цөлөрхөг хөрстэй газарт тохиромжтой. Хөрсний чийг ихтэй нутагт хатаагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй учир тохиромжгүй.

Газарт хуурайшуулж хатаагч жорлонгийн нүхний хэмжээ 1м³. Нүхийг дүүрсний дараа хүрзээр суллаж цэвэрлэх тул хамгийн гүнзгийдээ 150 см-ээс илүү байх нь зохимжгүй. Таван ам бүлтэй айлд ийм жорлонг дүүргэхэд дор хаяж таван жилийн хугацаа шаардлагатай. Газарт хуурайшуулж хатаагч жорлонгийн хамгийн гол элемент нь нүхний битүүмжлэл, агаарын солилцоо хоёр юм. Нүхийг аль ч талаас нь агаар, салхи, үер ус орохгүйгээр битүүмжилж, дор хаяж 11 см диаметртэй агааржуулалтын яндан суурилуулна.

Говийн халуун хөрс, гаднаас агаар үл нэвтрэх битүүмжлэл, бүдүүн яндангаар амархан уурших нөхцөл байдал нь ялгадсыг хатааж, овор багасгаж, бактер үржих орчингүй болгож өгдөг.  Нүхний ёроолд зузаан элс дэвсэнэ. Энэ нь шээсийг газарт шингэхэд нь шүүлтүүр болохын зэрэгцээ өтгөнийг хатаах орчин болж өгнө. Бие засах үед хэт их шингэн ялгарсан бол жорлон руу элс, үнс, бор шороо нэмж хийн хуурайшуулж болно. Угаадас хольж болохгүй. Дүүрсний дараа жорлонгийн бүхээгийг нүүлгэж, нүхэнд био идэвхтэй бодис хийж амраана. Амарсан нүхийг 2-3 жилийн дараа султгаж дахин хэрэглэх боломжтой. Хуурайшуулагч жорлон руу угаадас асгаж болохгүй.

Зураг дээр: Түмэндэлгэрийн хийсэн хуурайшуулагч жорлон: Гаднах байдал, бүхээг доторх байдал, нүхэн дотор агааржуулагчийн харагдах байдал. Жорлонгийн гадна хаяаг хулдаасаар бүрж манасан байх ба, говийн хүчтэй салхинаас хамгаалж жорлонг төмөр троссоор аргамжсан байна.

Саванд хуурайшуулж хатаагч жорлон (1.3.)  

“Жорлонгоо өөрчилье” номонд “Төмөр савтай хуурайшуулагч жорлон” нэрээр орсон. Өлзийт хороололд гурван жил амжилттай ажилласан уг жорлонг манай сургалтанд оролцогчид технологийн хичээл дээр сонгох дуртай. Энэхүү жорлон нь говийн хуурай жорлонтой төстэй аргаар өтгөн ялгадсыг хуурайшуулах зориулалттай тул агааржуулагчийг маш зөв шийдсэн байх шаардлагатай. Саванд хуурайшуулагч хатаагч жорлон нь хөрсний чийгтэй бүс нутагт илүү тохиромжтой. Жорлон нь шээс, өтгөнийг салгах зориулалттай хийгдэх тул суултууртай байх ба суултуур нь өтгөн шингэнийг салгах таславчтай, агааржуулагчийг шээсний болон өтгөний хэсэгт аль алинд нь хийсэн байх хэрэгтэй байдаг.

Шээсийг элс, хайрга, шохой, үртэс зэрэг давхрагаар шүүж газарт хоргүйжүүлэн шингээж болох ба ийм тохиолдолд шээсний нүхний гүн нь 50 см орчим байхад тохиромжтой. Нүхний хэмжээ 20х50 см байж болно. Шээсээр бордоо хийхийг хүсвэл түүнийг саванд хураан авч болно.  Өтгөнийг төмөр саванд хураана. Төмөр савны хэмжээ 100 литрийн поошиг, эсхүл түүнийг талласан хэмжээтэй ч байж болно. Төмөр саванд бие засахын өмнө ёроолд нь 10-20 см зузаан элс дэвсэж өгнө. Агаарын чийгшилттэй өдөр, эсхүл шингэн ихтэй ялгадас гаргасан үедээ сав руу элс юмуу тухайн газрын шороог нэмж өгч болно. Өвөл хүйтэнд халуун үнс нэмж болно. Савыг дүүрсний дараа тэр дор нь доторхийг нь хаа нэгэн газар асгаж болохгүй. Өөр нэг савыг жорлондоо хийгээд, дүүрсэн саваа тусад нь таглан хурааж, нар тусах, чийг авахгүй газарт тавьж илүү сайн хатааж, ялгадсанд хадгалагдан үлдсэн байж болзошгүй бактерыг үржих нөхцөлгүй болтол нь хуурайшуулна. Ингэхдээ элс, шороо болон био идэвхтэй бэлдмэл, ариутгалын бэлдмэлийг нэмж болно. Ийнхүү нэг жил хадгалсны дараа мод тарих, хадлан бэлтгэх газарт буюу эсхүл өөр сул чөлөөтэй хөрсний шороонд нийлүүлж болно. Таван ам бүлтэй айлд 50 литрийн төмөр сав 1-2 жилд хүрэлцэнэ. Хуурайшуулагч жорлон руу угаадас асгаж болохгүй.

Зураг дээр: Саванд хуурайшуулагч жорлон. Өтгөн хураах төмөр сав, шээс хураах сав, шээс, өтгөнийг салгах суултуур.

Газарт бордоошуулагч жорлон (1.4.)

“Жорлонгоо өөрчилье” номонд “Тал нутгийн тансаг жорлон” нэрээр орсон. ДМД компанийн бүтээсэн энэ жорлон 10 жилийн турш зуны улиралд амжилттай ажилласан байна. Энэхүү жорлон нь үртэс, модны навч, хөвд, ургамлын хаягдал, сүрэл, өвсний үндэс зэрэг био хаягдал ашигладаг тул ийм био материал ихтэй газарт тохиромжтой. Жорлон ажиллах үндсэн зарчим нь орон нутгийн био массын тусламжтайгаар шээсийг шүүж газарт шингээх, мөн био масст хадгалагдаж буй ашигтай бактерын тусламжтайгаар баасыг задалж ялзмагжуулахад оршино. Жорлонгийн нүхээ ухахын өмнө ургамлын үндэс, өвс навч бүхий өнгөн хөрсийг хуулж авч тусад нь овоолох шаардлагатай. Энэхүү өнгөн хөрс нь жорлонг үнэргүй, лаг багатай байлгах гол ач холбогдолтой хэсэг юм. Өнгөн хөрсийг авч хадгалсны дараа жорлонгийн нүхийг 1-1.5 метрийн гүнтэйгээр, өргөн болон уртыг нь жорлонгийнхоо бүхээгний сууриас хавьгүй жижиг хэмжээтэйгээр ухаж бэлтгэнэ. Жорлонг дүүрсний дараа үүссэн хар шороог хүрзээр, гар аргаар авч цэвэрлэх тул нүхийг үүнээс гүнзгий хийх нь цэвэрлэгдэх боломжгүй, ашиггүй жорлон  бий болгох аюултай.

Нүхийг ухаж бэлтгэсний дараа ёроолд нь түрүүчийн авч бөөгнүүлсэн өнгөн хөрсний талыг хийж жигд дэвсэж өгнө. Талыг нь дараа жорлонгоо булахдаа хэрэглэх тул хадгалах хэрэгтэй. Нүхний ёроолд дэвссэн өнгөн хөрсөн дээр хатсан өвс, навч, хөвд, үртэсний аль олдсоныг дахин зузаахан дэвсэж өгнө. Ингээд ашиглахад бэлэн болсон нүхний дээр жорлонгийн бүхээгээ байрлуулна. Энэхүү жорлонд шээс, баасыг ялгаж салгах албагүй юм. Харин бие засах бүртээ жижиг шанага үртэс, навч, үндэс, хөвд зэрэг био массыг нэмж хуурайшуулж өгнө. Био масс нь аль болох тухайн орон нутгийнх байвал тохиромжтой. Учир нь тухайн орчиндоо хамгийн сайн амьдрах чадвартай ашигтай бичил биетүүд орон нутгийн био масст хадгалагдаж байдаг. Био масс шээсэнд норж халах ба баасны чийгийг авдаг. Мөн био масст хадгалагдаж буй бичил биетүүд баасыг идэж  задалж өгснөөр нүхэн доторх дулааны хэмжээ улам нэмэгдэж био задралыг гүйцэтгэх нутгийн сайн бактерууд улам их үрждэг. Био задрал хэдийчинээ сайн явагдана, төдийчинээ баасны үнэр арилж, жорлонгийн нүх нь жирийн хар шорооны үнэртэй болно.

Өвлийн улиралд энэхүү жорлонг ашиглахад био задрал явагдахгүй бохир хуримтлагдан хөлдөх ба хавар газар гэсэнгүүт идэвхтэй бактер нэмж хийх замаар өвөлжин хийгдээгүй био задралын процессийг түргэсгэж болно. Хэдийгээр биологийн идэвхтэй задрал явагдахгүй ч, энэ жорлонг өвөл хэрэглэхдээ бие засах бүртээ био масс хийсээр байх хэрэгтэй. Хавар болж газар гэсэхэд биомасстай ялгадас задралд орж, жорлонгийн лаг эрс багасах болно.

Энэ жорлонд үнс, химийн бодис, нефтийн гаралтай хог хаягдал, бензин тос хийж огт болохгүй! Учир нь тэд идэвхтэй бичил биетүүдийг устгаж, жорлонг муухай үнэртэй болгодог. Мөн угаадас, их хэмжээний хүйтэн ус гэнэт цутгаж хольж болохгүй. Аль болох усгүй орчинд, ялгадсын өөрийнх нь чийгийн хэмжээнд био задрал сайн явагдана.

Жорлонг дүүрмэгц бүхээгийг зайлуулан өөр шинэ нүхэн дээр нүүлгэн шилжүүлнэ. Хуучин нүхээ өнгөн хөрсний шороогоор булж, нутгийн бусад шороо, элсээр даруулаад орхино. Хэрэв сайтар задраагүй байдалтайгаар жорлон дүүрсэн байх юм бол жорлонгийн лаг задлагч био идэвхтэй лаг, бактер авч жорлон руугаа хийгээд булах хэрэгтэй. Ийнхүү булсан нүхийг хоёр жилийн дараа ухаж үзэхэд бүх зүйл хар шороо болон хувирсан байх болно. Үүссэн хар шороог бордоонд ашиглаж болно. Хар шороог султган жорлонгоо анхны нүх рүү нүүлгэн шилжүүлж дахин ашиглана.

Газарт бордоошуулагч жорлон нь сайн агааржуулагчтай, битүү шаллагаатай, хаяа битүү манаас сайтай, суултууртай, суултуурын тагтай, үртэсний хувин, үртэс хутгах хутгууртай байх ёстой. Хаяа, шалаар нь ус, агаар орохгүйгээр битүүмжлэгдсэн нөхцөлд ашигтай бактерууд био задралыг сайн явуулна.

Зураг дээр: ДМД компанийн Урса мажор кэмп дэх газарт бордоошуулагч жорлонг нүх сэлгэн байрлуулж, хуучин нүхийг тэмдэглэн хамгаалсан байдал. Мөн компанийн Свит Гоби кэмп дэх бордоошуулагч жорлонгийн доторх байдал. Суултуур, үртэстэй хувин, үртэс хутгагч.

Саванд цуглуулж бордоошуулагч жорлон (1.5.) 

Энэхүү жорлон нь ФиМоГрийн (FimoGreen) компаниас Монголын зах зээлд шинээр нэвтрүүлж буй био жорлон юм. Гэр бүлийн, нийтийн гэсэн хоёр янзын хэмжээтэй савыг суултуур дор байрлуулж болохоор зохиогджээ.

Ялгадас хураах сав нь зайлуулахад хялбар, дугуйтай, агаар нэвтрэх боломжтой бөгөөд суултуур дор байрлана. Сав руу орсон шээс болон илүүдэл шингэнийг гадагшлуулах гуурс, шингэн хурааж авах савтай.

Ашиглахын өмнө савны ёроолд идэвхтэй бактер бүхий био масс, ширэг дэвсэж өгнө. Био масс нь тухайн орон нутагт ургадаг ургамлын хаягдал, үндэс, үртэс, навч, хөвд байж болно. Ёроолд нь зузаавтар дэвссэн био масс дээрээс бие засна. Бие засах бүртээ био массыг хутгуураар нэмж хийж өгнө. Энэхүү жорлонгийн ажиллах зарчим нь газарт бордоошуулагч жорлонтой яг адилхан байна.

Газарт бордоошуулагч жорлон дүүрэх тоолонд жорлонгийн бүхээгээ нүүлгэхийг хүсэхгүй бол энэхүү жорлонгийн савыг хэрэглэж болно. Мөн газар ухахад их хэмжээний хөрсний ус гардаг, эсхүл хад ихтэй, ухах газаргүй болтлоо орон зайд хавчигдсан болон нүүдлийн түр зуурын байрлалд ФимоГрийн жорлон нэн тохиромжтой.

ФиМоГрийн жорлон нь өвөл хэрэглэх зориулалтын халаагч утастай байна. Нэгэнт барьсан бүхээгийг хөдөлгөхгүйгээр саваа дүүрэх тоолонд /савыг сольж байрлуулан/ агуулгыг султгадаг нь давуу тал болно. Харин бие засахдаа шээс өтгөнийг салгахгүй.

Угаадас, химийн бодис, үнс, нефтийн бүтээгдэхүүн хольж болохгүй.

Сав дүүрсний дараа ялзмагжих процессийг тусдаа хайсанд үргэлжлүүлнэ. Бэлтгэсэн модон хайс руу савыг султгаж, тухайн хайсанд цугларсан ялзмагийг хоёр жил үргэлжлүүлэн ялзмагжуулсны дараа хөрсөнд бордоо болгон хэрэглэнэ. Ялзмагжих процессийг идэвхжүүлэхийн тулд амьд бактер бүхий био бэлдмэлүүдийг нэмж болно.

Зураг дээр: ФимоГрийн компанийн нийлүүлж буй био жорлон.

Хоёр. Тавцан нь аюулгүй бөгөөд цэвэрлэгддэг, гадаргын уснаас дээр өргөгдсөн байх ёстой

Жорлонд хийх хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бол тавцан-шал юм. Өнөөгийн ихэнх жорлонгийн тавцанд дараах хэд хэдэн ноцтой алдаа бий. Үүнд:

  • Хүүхэд унах аюултай. Хүүхдүүд жорлонд унаж бохирын гоц халдвар авах, хөл гараа хугалах, амь насаа алдах эмгэнэлт тохиолдлууд гарсаар байна.

  • Цэвэрлэх боломжгүй. Ихэвчлэн банз модоор хийдэг шал нь банзан дээр үүрлэх дуртай бактеруудын нөлөөгөөр хүн гар хүрэхийн аргагүй бохиртдог. Ийм жорлонг хэн ч цэвэрлэдэггүй бөгөөд шалан дээрээс тэдгээр өвчний бактерыг гутлын улаараа дамжуулан гэртээ оруулж ирж өвчин тараадаг юм.

  • Ялаатай. Ил задгай ялгадас нүднээ харагдаж байгаа ямар ч шал тавцан бол өвчин үүсгэх нөхцөл болж байна гэсэн үг. Учир нь тийшээ ялаа саадгүй нисэн орж баас, шээсэн дээр суугаад өвчний нянг өөртөө нааж нисээд хүний хоол унд, хүүхдийн ам хамарт суух замаар маш олон төрлийн өвчин халдаадаг.

  • Агаарын урсгал буруу. Үргэлж нээлттэй байгаа банзны завсрын хэсэг нь жорлонгийн нүхэнд байгаа бүх бохир, аюултай бодис, үнэрийг шууд бүхээг рүү ууршуулж байдаг.

  • Тавцан нь газартай чацуу. Энэ буруу байгууламжаас болж жорлонгийн нүх рүү гадаргын ус чөлөөтэй орж байдаг. Бороо, цас орох бүрт жорлонгийн нүх элэгдэн томорч, бас жорлон амархан дүүрдэг.

  • Тавцангийн банз бат бөх биш. Маш олон жорлонд тавцангийн банз нь чийг авч муудсан байдаг. Банзан дээр үүрлэсэн бактерууд банзны хатуу шинж төрхийг алдагдуултал нь идэж зөөлрүүлсэн байдаг тул пүрш шиг дээш доош даялсан банзан дээр зогсож бие засах нь амь насанд ч аюултай хэрэг юм. Хүүхдүүд ийм зөөлөрсөн банзтай жорлонд хамгийн их унаж хохирдог.

 

Харин та эко жорлон байгуулахаар шийдсэн бол тавцангаа маш зөв бэлтгэж хийх ёстой.

 

Юуны өмнө жорлонгийнхоо тавцанг модоор биш, бетон юм уу хуванцар материалаар хийхийг бид танд санал болгож байна. Тавцан нь даац авч чадахуйц бат бөх байх ёстой бөгөөд суултуурын нүх, агааржуулагчийн нүхийг гаргаж өгсөн битүү шаллагаа болж чадахуйц байх хэрэгтэй.  Суултуурыг таглаж, агааржуулагчийг зоож завсрыг нь шавсаны дараа тэрхүү тавцангийн дороос муухай үнэр агааржуулагчаас өөр хаагуур ч дамжиж гарахгүйгээр зохион бүтээгдсэн байвал зохино.

Зураг дээр: Энэргүн констракшн компанийн бэлтгэсэн жорлонгийн тавцан. Энэхүү тавцан нь 170х160 см хэмжээтэй, суултуурын нүх, явган сууж ашиглах нүх, агааржуулагчийн нүхтэй ба бүхээгийг тогтоох аргамжаатайгаар хийгджээ. Арматуртайгаар хүчитгэж хийсэн тул аюулгүй байдал хангагдана. Цэвэрлэх болон нүх бүрийг таглах боломжтой, бохир агаарыг бүхээг рүү алдахгүй байхаар хийгдсэн байна.

Зураг дээр: Урьдчилан бэлттэсэн бетон тавцанг суурилуулж байна. Суурилуулахын өмнө нүхний дээр тавцанг тэгш байрлуулахад зориулж тоосгон суурь хийсэн байна. Ингэснээр тавцангийн болон бүхээгний жин нүхний бетон дээр биш, суурь тоосгон дээр ирж, бат бөх байх болно.

Гурав. Зөв агааржуулагчтай, жорлон хэрэглэгчид нь агаарын урсгалыг удирдаж чаддаг байх ёстой

Жорлонг хэрэглэгч хүнд хамгийн таагүй мэдрэмж төрүүлдэг зүйл бол үнэр. Үнэрийг арилгаснаар жорлонг хэрэглэхэд илүү таатай болгож, хүний тав тухтай бие засах эрх хангагдана. Жорлонгоос гардаг үнэр нь зөвхөн муухай үнэр төдийгүй өвчин үүсгэгч нянгийн агаарт дэгдэж буй дэгдэлт байдаг. Бас шээснээс гаралтай аммионы хүчлийн хорт үнэр холилдон орж ирнэ. Үнэрийн менежментийг зөв шийдсэнээр ая тух хангагдах төдийгүй өвчнөөс урьдчилан сэргийлж чадах билээ.

Эко жорлонд тавигдах нэг шаардлага бол зөв агааржуулагч юм.

Юуны өмнө үмхий үнэртэй агаарыг бүхээг рүү бус, гадагш нь зайлуулья гэвэл агааржуулалтын өндөр яндан хэрэгтэй. Яндангийн өндөр жорлонгийн таазнаас дээш 30 см орчим өндөр байх хэрэгтэй. Учир нь агаар илүү өндөр байрлал руугаа хуримтлагддаг. Яндангаа таазнаас намхан хийвэл үнэр тааз руу хуримтлагдана.

Агааржуулагч нь үнэрийг гадагшлуулах цорын ганц суваг байх хэрэгтэй. Жорлонг ашиглаагүй үед суултуурыг болон явган сууж бие засах нүхийг ч бас тагласан, шалны завсраар агаар сийгэхгүй битүү, жорлонгийн нүх рүү гаднаас агаар орохооргүй хаяагаа манасан, жорлонгийн хаалгыг хаасан байх ёстой.  Ийм байдалд нүхэн доторх агаар бүхээг рүү орж ирэхгүй, зөвхөн агааржуулагчаар л гадагшилна.

Агааржуулагчийн яндангийн диаметр нь дор хаяж 11 см бүдүүн байх хэрэгтэй. Түүнээс нарийхан агааржуулагч үнэрийг хурдан татан авч чадахгүйд хүрдэг. Агааржуулагчийг ямарваа нэгэн гэмтэл согоггүй бүрэн бүтэн хоолойгоор хийх хэрэгтэй. Энд тэндээ цоорсон, завсар зайтай суулгагдсан байх юм бол агаарын урсгал алдагдана.  Агааржуулагч руу ялаа оруулахгүй байхын тулд орой хэсгийг торлож, борооны ус оруулахгүйн тулд дээр нь саравч хийх ба салхийг соруулж байхын тулд яндангийн орой, саравч хоёрын хооронд зай гаргаж өгсөн байх шаардлагатай.

Жорлонг хэрэглэгчид нь агааржуулагчийн ажлыг буруу үйлдлээрээ “унагааж” орхихгүйн тулд бие зассаныхаа дараа заавал жорлонгоо таглаж, жорлонгийн хаалгыг хааж хэвших хэрэгтэй. Жорлонгийн нүхнээс бүхээг рүү болон бүхээгний гадна талд орчин тойрон руу өчүүхэн төдий ч агаар дээш сийгэхгүй байх ёстой. Тийм сийгэх үзэгдэл мэдрэгдвэл, агаар сийгэж гарч ирж буй нүх сүв, завсар задгай бүрийг чигжиж битүүмжлэх хэрэгтэй. Агаар зөвхөн агааржуулагчаар гадагшлах ёстой гэдэг дүрмийг баримтал! Харин нүхний агаартай холилдоогүй бүхээгийн агаарыг өөрийг нь сэлгэх зорилгоор агааржуулагч торлог гэгээвч хийж өгөх хэрэгтэй.

Зураг дээр: Жорлонгоо өөрчилье аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ц.Оюунцэцэгийнд баригдсан соруулдаг жорлонгийн агааржуулалтын шийдэл.

-Агааржуулах хоолойг салаалан хамгийн их үнэртэй хэсгээс агаарыг давхар татахаар суурилуулсан байдал (суурилуулалтын явцын зураг)

-Агааржуулах хоолойг бүрэн суурилуулсны дараа  харагдах байдал. Бүхээгний хананд бүхээгийн агаарын солилцооны гэгээвч харагдаж байна. Мөн агааржуулалтын хоолойн цаана соруулах үйлчилгээний нүх таглаатай харагдана. Энэ нүхийг тагласан нь агаарын урсгалыг зөв болгож байна.

Дөрөв. Суултууртай, гар цэвэрлэх боломжтой,  гэрэлтэй, дулаан, хэн бүхэнд хүртээмжтэй бүхээг нь эко жорлонгийн нэгэн шалгуур

Жорлонгийн бүхээг хийхдээ түүнийг хэрэглэх хүмүүсийн эрх ашгийг сайтар тооцож хийнэ. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөл муутай, жирэмсэн хүмүүст суултуур заавал хэрэгтэй.  Суултуур дээр бие засахгүйг зорьдог хүмүүст зориулсан явган сууж бие засах нүхийг давхар гаргаж өгч болно. Эсхүл суултуурын дэргэд хөлөө тавьж бие засах өндөрлөгөө бэлтгэж өгч болно.

Бие зассаны дараа гар угаах, гараа цэвэрлэх нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал нөхцөл юм. Соруулдаг жорлонд гар угаагуурыг бүхээг дотроо хийж, усыг доош нь нүх рүү шууд оруулж болно. Харин био задрал явагдах, хатааж хуурайшуулах жорлонд гарын угаагуур гадна талдаа, угаадасны нүхтэй холбоотойгоор байж болно. Зарим газарт нойтон салфетка тавьж өгсөн байдаг.

Жорлон гэрэлтэй байх хэрэгтэй. Цонхоор өдрийн гэрэл тусах боломжтой, мөн цахилгаанд холбосон гэрэлтэй байж болно. Гэрэлгүй, харанхуй байж болохгүй.

Бүхээгийг дан төмөр материалаар хийвэл хамгийн хүйтэн, салхитай үед осол аюул үүсгэгч муу жорлон болдог. Иймээс дан төмөр материалаар жорлон хийх нь салхи ихтэй Монголын нөхцөлд тохиромжгүйг анхаарна уу. Бүхээгийн ханыг аль болох давхар материалаар хийж, дулаан өрөө бий болгох хэрэгтэй.

Бүхээг нь газраас дээш 20-30 см өргөгдсөн суурин дээр байвал борооны ус орохгүй, нойтон газрын чийгнээс болж нуралт үүсэхгүй сайн талтай байдаг. Харин өндөр довжоотой жорлон руу тэргэнцэртэй хүн гарч чадах уу? Тэргэнцэртэй хүн ч бас бусдын адил хүнээр туслуулахгүйгээр хүссэн цагтаа бие засах эрхтэй шүү дээ. Тиймээс жорлонгийн довжоог налуу болгож, хаалгыг тэргэнцэртэйгээ багтахуйц өргөн хийж, бүхээгт орсны дараа чөлөөтэй хөдөлж болохуйц орчин үүсгэн, хананд нь түшиж тулах бариул хийж өгвөл сая хүртээмжтэй жорлон болно.

Зураг дээр: Жорлонгийн бүхээгийн зураг.

Иргэн Ц.Оюунцэцэгийн соруулдаг жорлонгийн бүхээг. Гар угаагуур нь дотроо, суултуур дээр ч, явган сууж ч бие засч болох сонголтой. Суултуур тагтай, явган суултуур дороосоо автоматаар хаагддаг таглаатай.

АНУ-ын нэгэн дархан цаазтай газрын хээрийн жорлон. Хананд байгаа гар ариутгагч шингэн, тусламж хэрэгтэй үед тулах ханын бариулыг анзаарна уу.

ДМД компанийн хуурай жорлон доторх гар цэвэрлэх алчуурын шийдэл. Жорлон руу ус, угаадас хийж болохгүй учир гарыг арчиж цэвэрлэх шийдлийг сонгожээ.

Иргэн Мөнхбаярын соруулдаг жорлон. Угаагуур нь дотор талдаа. Суултуурыг дулаалсан байна.

Эрхэм уншигч та энэхүү танилцуулгыг жорлонгоо өөрчлөх ажилдаа гарын авлага болгон ашиглаасай гэж бид хүсч байна. Жорлонгийн технологийн тухай илүү их мэдээлэл авахыг хүсвэл Нутгийн Шийдэл-ийн эрхлэн гаргасан “Жорлонгоо Өөрчилье” номыг номын дэлгүүрүүдээс худалдан авах, эсхүл нийтийн номын сангаас авч уншиж болно.

Танд амжилт хүсье!

  • Twitter - White Circle
  • Facebook - White Circle
  • Gallery

©2018 Local Solutions

bottom of page